Цаас, гар утас хоёроор хичээлийг хэрхэн сонирхолтой үр дүнтэй болгох вэ? – Plickers-ийн ид шид
Байгалийн ухааны хичээл (Физик, Хими, Биологи) гэдэг зөвхөн онол биш, туршилт, ажиглалт, байнга өрнөх асуулт хариулт дээр тогтдог. Гэвч 30-40 хүүхэдтэй ангид хэн нь ойлгосон, хэн нь хоцорч байгааг бодит цаг хугацаанд мэдэх амаргүй. Тэгвэл сурагч бүрийг ухаалаг төхөөрөмжгүйгээр "цахим" асуулгад оролцуулах боломжтой гэвэл та итгэх үү?
Энэхүү шийдэл бол Plickers юм.
Plickers гэж юу вэ?
Энэ бол багш нь гар утсаараа ангийг "сканнердаж", сурагчид нь тусгай QR код бүхий цаас барьж хариулдаг интерактив систем юм. Хамгийн гол давуу тал нь сурагчдад ямар ч компьютер, таблет, гар утас хэрэггүй. Зөвхөн багшийн гар утас дататай (эсвэл WiFi) байхад л хангалттай.
Байгалийн ухааны хичээлд яагаад заавал Plickers гэж?
- Шуурхай ахицын үнэлгээ: Хичээлийн дундуур "Масс болон жингийн ялгааг бүгд ойлгосон уу?" гэж асуухад хүүхдүүд зүгээр л толгой дохидог. Харин Plickers-ээр ганц асуулт асуухад ангийн хэдэн хувь нь үнэхээр ойлгосон нь багшийн утсанд график болон харагдана.
- Айдасгүй оролцоо: Хүүхдүүд буруу хариулахаас айж гар өргөдөггүй. Харин Plickers-ийн кодыг барихад бусад сурагчид түүний аль талыг дээш нь харуулж байгааг мэдэх боломжгүй тул хүүхэд өөрийнхөөрөө, зоригтой хариулдаг.
- Мэдээллийн сан: Багш сурагч бүрийн ахиц амжилтыг 7 хоног, сараар нь нэгтгэн харах боломжтой. Энэ нь таны "Сурагчийн ахиц амжилтын судалгаа"-ны бэлэн өгөгдөл болно.
Хэрхэн эхлэх вэ? (3 хялбар алхам)
1. Кодоо хэвлэх:Plickers.comсайтаас үнэгүй QR кодуудыг татаж аваад хэвлэнэ. Нэг удаа хэвлээд бүтэн жил ашиглана.
- Зөвлөмж: Гэрэл ойхоос сэргийлж ламинатдахгүй байх, эсвэл матт гадаргуутай цаас ашиглаарай.
2. Ангиа тохируулах: Веб сайт дээрээ ангиа үүсгэж, сурагчдадаа картны дугаар олгоно. Жишээ нь: Бат - Карт №1, Сараа - Карт №2.
3. Скан хийх: Утсандаа Plickers апп суулгаад, асуултаа дэлгэцэнд гаргана. Сурагчид зөв хариулт (A, B, C, D)-ыг дээш нь харуулж барихад та утсаараа ангиа нэг тойруулан харахад л хангалттай.
Come.mn-ийн уншигч багш нарт өгөх зөвлөгөө
Байгалийн ухааны хичээл дээр сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх гэж заавал өндөр өртөгтэй төхөөрөмж хайх шаардлагагүй. Plickers бол "бага зардлаар их үр дүнд" хүрэх хамгийн дөт зам юм. Өнөөдөр туршаад үзээрэй, таны ангийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг харах болно.
МУБИС-ийн багш А.Амгалангийн танилцуулга үзэж сонирхоорой